“Нуурын нүүдэлчид” дэмжих бүлгийн ээжүүд туршлага солилцох аяллаар эргэн уулзлаа

“Нуурын нүүдэлчид” дэмжих бүлгийн ээжүүд туршлага солилцох аяллаар эргэн уулзлаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Нуурын нүүдэлчид” дэмжих бүлгийн гишүүд зуны болон намрын их ажлын дараа эргэн уулзаж, харилцан суралцах, туршлага солилцох аялалд оролцлоо.

Мал аж ахуй, газар тариалан, гэр орны ажил гээд ар араасаа ундарсан их ажлын улмаас хэсэг хугацаанд уулзаж амжаагүй ээжүүд энэ удаа хамтдаа цагийг өнгөрүүлж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлс, ургац хураалт, үр хүүхдийнхээ өсөлт хөгжил болон өдөр тутмын амьдралд нь өрнөсөн үйл явдлуудын талаар халуун дотно яриа өрнүүлэв.

Орон нутгийн хоршооны туршлагаас суралцлаа

Аяллын хүрээнд оролцогчид Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь “Хараагийн баян үрс” хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.

Хоршооны дарга Н.Тодорхойсүрэн зөгийн аж ахуй, мод үржүүлэг, хүлэмжийн тариалалт зэрэг олон чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, орон нутгийн иргэд хамтран ажиллаж, хоршоогоо хөгжүүлж ирсэн туршлагаасаа хуваалцав.

Мөн “Хөгжилд Хүрэх Түншлэл” ТББ-ын төлөөлөгч П.Дагвадорж байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй санаачилгуудын талаар танилцуулж, оролцогчидтой харилцан туршлага солилцлоо.

Энэхүү аялал нь ээжүүдэд орон нутгийн хамтын ажиллагаа, хоршооны үйл ажиллагааны бодит туршлагатай танилцахын зэрэгцээ өөрсдийн санаа бодол, боломжийн талаар ярилцах орон зай болсон юм.

Харилцан суралцах, бие биеэ дэмжих орон зай

“Нуурын нүүдэлчид” бүлэг нь малчин эмэгтэйчүүд хоорондоо холбогдож, туршлагаа хуваалцах, харилцан дэмжлэг үзүүлэх, нийтлэг хэрэгцээ, тулгамдсан асуудлаа хамтдаа тодорхойлох зорилготой.

Энэ удаагийн уулзалт, аялал нь зөвхөн шинэ зүйл сурч мэдэхээс гадна хэсэг хугацаанд уулзаагүй бүлгийн гишүүдийн холбоог сэргээж, хамтдаа цагийг өнгөрүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж бүрдүүллээ.

Хамтдаа уулзах нь урам өгч, туршлагаа хуваалцах нь шинэ боломж нээдэг. Харин бие биеэ дэмжих нь хамтын хүчийг бий болгодог.

Аялалд оролцсон “Нуурын нүүдэлчид” бүлгийн ээжүүд болон биднийг халуун дотноор хүлээн авч, туршлагаасаа хуваалцсан “Хараагийн баян үрс” хоршоо, “Хөгжилд Хүрэх Түншлэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.