Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн асуудлаар олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн асуудлаар олон талт хэлэлцүүлэг

зохион байгууллаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь The Asian-Pacific Resource & Research Centre for Women (ARROW) байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Нотолгооноос үйл ажиллагаанд” төслийн хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭЭМ)-тэй холбоотой хууль, бодлогын дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, холбогдох талуудын санал, зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд Монгол Улсын ББНҮЭЭМ-ийн хууль, бодлогын орчин, хэрэгжилт, санхүүжилтийн нөхцөл байдлыг судалж, тулгамдаж буй асуудал болон бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлсон нөлөөллийн баримт бичиг боловсруулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр төслийн зөвлөх Б.Шинэтөгс дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулж, оролцогчид тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар бүлгээр ажиллан санал солилцов.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн бодлогод юуг анхаарах шаардлагатай вэ?

Хэлэлцүүлэгт оролцогчид ББНҮЭЭМ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, санхүүжилтийг сайжруулахад дараах асуудлуудад анхаарах шаардлагатайг онцоллоо. Үүнд:

  • Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол: Өсвөр насны хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг сургалтын бүх түвшин болон мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт системтэй тусгах;
  • Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн хүртээмж: Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад дахин оруулах асуудлыг шийдвэрлэх;
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилт: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд үе шаттайгаар хүргэх асуудлыг бодлогын түвшинд авч үзэх;
  • Үргүйдлийн тусламж, үйлчилгээ: Үргүйдлийн оношилгоо, шаардлагатай шинжилгээ, эмчилгээний хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулах боломжийг бүрдүүлэх;
  • ХДХВ-ийн тусламж, үйлчилгээ: ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, шилжилтийн санхүүжилтийг урьдчилан төлөвлөх;
  • Эх барих тусламж, үйлчилгээ: Эх баригчдын сургалт, зөвлөгөө, үйлчилгээний хүртээмж, чанарыг дэмжиж, өртөг болон гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх;
  • Эрүүл ахуй, ариун цэврийн орчин: Сургууль, эрүүл мэндийн байгууллага болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн стандартыг сайжруулж, охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх.

Нотолгоонд суурилсан бодлогын нөлөөллийг бэхжүүлэх нь

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл, салбарын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Оролцогчид хууль, бодлогын хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, үйлчилгээний хүртээмжийн ялгаа, санхүүжилтийн асуудлыг өөрсдийн ажлын туршлага, салбарын нөхцөл байдалтай холбон хэлэлцэж, боломжит шийдлүүдийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг “Нотолгооноос үйл ажиллагаанд” төслийн хүрээнд боловсруулж буй нөлөөллийн баримт бичгийн эцсийн хувилбарт тусгана.

Энэхүү баримт бичгийг цаашид ББНҮЭЭМ-ийн хууль, бодлогын хэрэгжилт, тусламж үйлчилгээний хүртээмж, тогтвортой санхүүжилтийг сайжруулахад чиглэсэн бодлогын нөлөөллийн ажилд ашиглахаар төлөвлөж байна.