“Хуулийг феминист өнцгөөс” сургалтын хүрээнд оролцогчид ЛГБТИК хүмүүсийн эрх, ялгаварлан гадуурхалт, нийгэм-соёлын орчны талаар бодит тэгш эрхийн үүднээс авч хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн ялгаатай байдал нь “тусгай” асуудал биш, харин хүний амьдралын бодит хэсэг бөгөөд энэ ялгаа нь хэн нэгний эрх, боломжийг хязгаарлах шалтгаан болох ёсгүй гэдгийг онцолсон юм.
Гэвч ялгаатай байдлыг нийгэм хэрхэн ойлгож, хүлээн авч байгаагаас шалтгаалан зарим хүн өдөр тутмын амьдралдаа илүү олон саад, үл ойлголцол, ялгаварлан гадуурхалттай тулгарч болдог. Хууль эрх зүйн хамгаалалт байгаа ч хэрэгжилт сул байх, хаана хандахаа мэдэхгүй байх, орон нутагт шаардлагатай дэмжлэг, үйлчилгээ хомс байх зэрэг нөхцөл нь хүмүүсийг эрхээ хамгаалах боломжгүй мэт мэдрэх, дуугүй үлдэхэд хүргэж болох талаар ярилцлаа.
Тиймээс хүний эрхийг хамгаалахад зөвхөн хууль батлах нь хангалтгүй. Шүүх, хууль сахиулах байгууллага, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид болон иргэн бүрийн зөв ойлголт, хариуцлагатай хандлага, оролцоо чухал болохыг сургалтын үеэр онцлов.
Хүний эрхийн тухай яриа нь ялгааг арилгах тухай биш. Харин хүмүүсийн ялгаатай байдал нь тэдний эрх, боломж, оролцоог хязгаарлах шалтгаан болохгүй байх тухай юм.
Сургалтын энэхүү хэсгийг ЛГБТ төвийн Гүйцэтгэх захирал Э.Энхмаа чиглүүллээ.
“Хуулийг феминист өнцгөөс” сургалтыг Asia Pacific Forum on Women, Law and Development (APWLD)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.