“Хуулийг феминист өнцгөөс” сургалтын хоёр дахь өдөр оролцогчид патриархат буюу эцгийн эрхт ёсны тогтолцоог зөвхөн хувь хүний хандлага, зан үйлээр хязгаарлахгүйгээр, хүмүүсийн байр суурь, үүрэг, боломж, сонголт болон тэдэнд тавигддаг хүлээлтэд нөлөөлдөг эрх мэдлийн тогтолцоо хэмээн авч үзлээ.
Патриархат нь дангаар оршдоггүй бөгөөд төр, нийгэм, соёл, уламжлал болон бусад эрх мэдлийн тогтолцоотой огтлолцон үйлчилдэг. Энэ нь жендэрийн тогтсон хэм хэмжээнд нийцэхгүй хүмүүсийн дуу хоолой, оролцоо, боломжийг хязгаарлах, үгүйсгэх, гадуурхах нөхцөл бий болгож болох талаар хэлэлцэв.
Мөн патриархат нь зөвхөн тодорхой бүлэг хүмүүст нөлөөлдөг тогтолцоо биш. Хүн бүрт “ямар байх ёстой”, “ямар үүрэг хүлээх ёстой” гэсэн хүлээлт, хязгаарлалт бий болгож болох учраас эцэстээ хэнд ч ээлгүй байж болохыг оролцогчид хамтдаа эргэцүүллээ.
Өнөөдөр сошиал медиа, зар сурталчилгаа, зах зээлийн чиг хандлага хүртэл “ямар хүн зөв, гоё, амжилттай харагдах ёстой вэ?” гэсэн ойлголтыг түгээж байна. Ийм хүлээлт өдөр тутмын амьдралд байнга давтагдах тусам бидний өөрсдийн итгэл үнэмшил мэт болж, анх хаанаас бий болсныг нь анзаарахаа болих боломжтой.
Тиймээс бидний “хэвийн”, “угаасаа ийм” гэж хүлээн зөвшөөрдөг ойлголтууд хаанаас бий болсон, тэдгээр нь бидний сонголт, боломж, оролцоонд хэрхэн нөлөөлж байгааг анзаарч, асуулт тавьж, эргэцүүлэн бодох нь тогтсон ойлголтыг өөр өнцгөөс харах эхлэл болохыг сургалтын үеэр онцоллоо.
Сургалтын хоёр дахь өдрийн энэхүү хэсгийг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний зөвлөх, доктор Т.Ундаръяа чиглүүллээ.
“Хуулийг феминист өнцгөөс” сургалтыг Asia Pacific Forum on Women, Law and Development (APWLD)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.