Анхны “Зочинтой хэлэлцүүлэг”: Хотын төв, захын орон зай ба иргэн–төрийн харилцааг антропологийн өнцгөөс

Анхны “Зочинтой хэлэлцүүлэг”: Хотын төв, захын орон зай ба иргэн–төрийн харилцааг антропологийн өнцгөөс

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний анхны “Зочинтой хэлэлцүүлэг”-ийн зочноор антропологич Э.Золжаргал оролцож, Улаанчулуутын хогийн цэгээс эхэлж, Сүхбаатарын талбайг тойрсон докторын судалгааны ажлынхаа тухай хуваалцлаа.

Нэг хотод орших энэ хоёр орон зай нь төрийн үйлчилгээ, эрх мэдэл, иргэдийн оролцоо хэрхэн ялгаатай мэдрэгддэгийг харуулах чухал жишээ гэдгийг түүний яриа илэрхийлж байв.

10 жилийн өмнө хийсэн бакалаврын судалгааныхаа үеэр сонирхож эхэлсэн “Төр, иргэн хоёрын хооронд ямар зай байна вэ?”, “Хотын төв гэж юу вэ?” гэсэн асуултад хариулт эрж, тэрээр докторын судалгаагаа эхлүүлжээ.

Антропологи нь хүний амьдралыг зөвхөн тоо баримтаар ерөнхийлөн тайлбарлахгүй. Харин судлаач тухайн орчинд сар, жилээр удаан хугацаанд байж, хүмүүсийн өдөр тутмын туршлага, харилцаа, орон зайн утгыг дотроос нь ойлгохыг зорьдог аж.

Э.Золжаргал Улаанчулуутын хогийн цэгт хэсэг хугацаанд амьдарч, Сүхбаатарын талбай дахь жагсаал, цуглаанд оролцон, гэрэл зурагчнаар хүртэл ажилласан нь антропологийн судалгааны сонирхолтой арга хэлбэрүүдийн нэг байв.

“Антропологи, феминизм хоёрыг салгаж ойлгож болохгүй” хэмээн Э.Золжаргал онцолсон. Учир нь хэний туршлага судалгаанд харагдаж, хэний дуу хоолой орхигдож байгааг асуух нь мэдлэг бүтээх үйл явцын салшгүй хэсэг юм.

Мөн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг хэвийн зүйл мэт тэвчих бус, дуугүй байдлыг эвдэх нь хүн бүрийн оролцоо, хариуцлагыг шаарддаг талаар ярилцлаа.

Бидний дасал болсон, “энгийн” гэж боддог зүйлсийн цаана үл үзэгдэх хана, олон салаа утга бий. Түр зогсож, өөр өнцгөөс ажиглах нь тэр бүхнийг олж харах эхлэл байж болох юм гэдгийг энэ удаагийн “Зочинтой хэлэлцүүлэг” харууллаа.