UNCCD COP17-ийн хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Жендэрийн Үндэсний Хороо хамтран зохион байгуулсан “Нүүдэлчин эмэгтэйчүүдийн амьдрал: Асрахуйн хөдөлмөр” арга хэмжээний талаар Mongolia Press мэдээллийн сайт сурвалжиллаа.
COP17-ийн Ногоон бүс, Science and Community асрын 35-р павильонд болсон тус арга хэмжээний үеэр малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал, хөлсгүй асрахуйн хөдөлмөр, цагийн ачааллыг бодит түүх, туршлага болон оролцоонд суурилсан аргачлалаар олон нийтэд хүргэсэн юм.
Тухайлбал, “Малчин эмэгтэйчүүдийн 24 цаг” интерактив үйл ажиллагаагаар малчин эмэгтэйчүүд мал аж ахуй, өрхийн ажил, хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн асаргаа зэрэг олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж, өөртөө зориулах болон амрах цаг хязгаарлагдмал байдгийг харуулсан.
Мөн Баян-Өлгий, Дорнод аймгийн малчин эмэгтэйчүүд өөрсдийн амьдралын бодит туршлага, асрахуйн ачаалал, бүлгээрээ нэгдэн ажилласнаар бий болсон өөрчлөлт, боломжийн талаар хуваалцсан байна.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний зүгээс цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлыг малчин өрхийн өдөр тутмын амьдрал, тэр дундаа эмэгтэйчүүдийн асрахуйн хөдөлмөрөөс тусад нь авч үзэх боломжгүйг онцолж, малчин эмэгтэйчүүдийн бодит хэрэгцээ, дуу хоолойг бодлогын төвд авчрах шаардлагатайг илэрхийллээ.
Mongolia Press-ийн нийтлэлийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.