Малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын хүртээмж, сургалтын хэлбэртэй холбоотой асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Тухайлбал, малчны хүүхдийг тодорхой хугацаанд цахимаар сургах боломжийн талаар яригдаж буй нь зөвхөн сургалтын хэлбэрийн асуудал бус, хүүхдийн боловсрол эзэмших эрх, хөгжлийн орчин, гэр бүлийн амьдрал, асрахуйн хөдөлмөртэй шууд холбогдож байна.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ сумын түвшинд зохион байгуулсан уулзалтын үеэр малчин эмэгтэйчүүдийн энэ асуудлаарх байр суурь, бодит туршлагыг сонслоо. Тэд хүүхдийнхээ боловсролын төлөө гэр бүлээрээ хоёр газар тусдаа амьдрах шаардлагатай болдог нөхцөл, дотуур байрны орчин, хүүхдийн хөгжил, аюулгүй байдал, боловсролын чанар, хүртээмжийн талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.
Малчин өрхийн хувьд хүүхдээ сургуульд хамруулах нь зөвхөн боловсролын асуудлаар хязгаарлагддаггүй. Хүүхдээ дагаж сумын төвд амьдрах, өрхийн бусад гишүүд хөдөө малаа хариуцах зэргээр гэр бүл салангид амьдрах нөхцөл үүсэх нь түгээмэл. Энэ нь ялангуяа ээжүүдийн асрахуйн болон өрхийн хөдөлмөрийг нэмэгдүүлэхээс гадна гэр бүлийн эдийн засаг, хүүхдийн сэтгэлзүй, хөгжлийн орчинд нөлөөлдөг.
Иймээс малчны хүүхдийг цахимаар сургах аливаа шийдлийг зөвхөн техникийн боломж, зардлын үүднээс бус хүүхдийн нас, хөгжлийн хэрэгцээ, сургалтын чанар, дижитал хүртээмж, дотуур байрны нөхцөл, гэр бүлийн амьдрал болон асрахуйн ачаалалтай нь хамтатган авч үзэх шаардлагатай.
Энэ нь зөвхөн нэг хуулийн төсөл, эсвэл сургалтын нэг хэлбэрийг сонгох тухай асуудал биш. Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших эрхийн тухай асуудал юм.
Малчин эмэгтэйчүүд энэ асуудлыг хэрхэн харж, өөрсдийн бодит амьдралын туршлагаас юу ярьсныг хавсаргасан зураглалуудаас уншина уу.