Зун хот суурин газрын олон хүний хувьд амралт, аяллын улирал эхэлдэг бол малчин өрхийн хувьд жилийн хамгийн завгүй үеийн нэг эхэлдэг. Малчид өглөө үүрээр босож мал саах, услах, бэлчээрт гаргах зэрэг өдөр тутмын ажлаа эхлүүлдэг бөгөөд зуны улиралд энэ ажил улам эрчимждэг.
Саасан сүүгээ муудахаас өмнө боловсруулах шаардлагатай учраас сүү хөөрүүлэх, тараг бүрэх, аарц буцалгах, ааруул зүсэх зэрэг цагаан идээ боловсруулах ажил өдрийн турш үргэлжилнэ. Малын тоо, өрхийн аж ахуйн онцлогоос шалтгаалан гүү барих, саах, ямаа холбох, хонь ноослох зэрэг мал аж ахуйн бусад ажил ч үүн дээр нэмэгдэнэ.
Эдгээр ажлын зэрэгцээ хүүхдээ асрах, гэр бүлийнхээ өглөө, өдөр, оройн хоолыг бэлтгэх, гэр орноо цэвэрлэх, угаалга хийх зэрэг өдөр тутмын асрахуйн болон гэрийн ажил малчин эмэгтэйчүүдийн нуруун дээр ихээхэн төвлөрсөн хэвээр байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөдөлмөр болон гэр бүл, өрхийн асрахуйн ажил давхардаж, зуны улиралд тэдний ажлын ачаалал эрс нэмэгддэг.
Зуны их ажлын араас өвс, тэжээл, хадлан бэлтгэх, хүүхдүүдийн хичээл сургуулийн бэлтгэлийг хангах зэрэг намрын ажил залган үргэлжилдэг. Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хийж буй асрахуйн болон өрхийн хөдөлмөрийг харагддаг, үнэлэгддэг болгох, гэр бүлийн түвшинд ажлын ачааллыг тэгш хуваалцах, амарч нөхөн сэргэх цаг, боломжийг нь нэмэгдүүлэх нь чухал юм.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал, асрахуйн хөдөлмөрийн ачааллыг илүү ойлгомжтой харуулах зорилгоор энэхүү зураглалыг бэлтгэлээ. Зураглалуудаас малчин эмэгтэйчүүдийн зуны нэг өдөрт ямар олон төрлийн ажил зэрэгцэн өрнөдгийг дэлгэрүүлэн үзнэ үү.