Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр үл үзэгддэг ч өрхийн амьдралын гол тулгуур хэвээр байна.

Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр үл үзэгддэг ч өрхийн амьдралын гол тулгуур хэвээр байна

“30 гаруй жил мал маллаж явахдаа малчин эмэгтэйчүүд ингэж цугларч, хоорондоо ярилцаж, санаа бодлоо хуваалцаж болно гэж бодож явсангүй…” хэмээн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин эмэгтэйчүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Улаанбаатар хотоос 2,000 гаруй километрийн зайд орших алс баруун хязгаарт амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн хувьд хамтдаа цугларч, өөрсдийн амьдралын туршлага, тулгамдсан асуудал, хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцах боломж ховор байдаг. Харин “Малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой” зөвлөлдөх уулзалтын үеэр тэд өөрсдийн бодол, туршлагаа нээлттэй хуваалцах орон зайтай болсон юм.

Уулзалтын үеэр малчин эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралдаа гүйцэтгэдэг олон төрлийн ажлынхаа талаар ярилцлаа. Тэд өдрийн ихэнх цагийг мал маллах, гэрийн ажил хийх, хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийг асрах, хүнс бэлтгэх зэрэг ажлуудад зориулдаг хэдий ч өөрсдийгөө “ажил хийдэггүй” хэмээн тодорхойлох нь түгээмэл байдаг аж.

Энэ нь малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр нийгэмд төдийгүй өөрсдийнх нь дунд ч үл үзэгдэж ирсний нэг илрэл юм. Гэвч бодит байдал дээр тэд зөвхөн мал аж ахуй эрхлээд зогсохгүй өрхийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна.

Малчин эмэгтэйчүүд ноос, ноолуур боловсруулах, эсгий урлал хийх, оёдол оёх, сүү цагаан идээ боловсруулах зэрэг уламжлалт мэдлэг, ур чадвараа ашиглан өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна нэмэлт орлого бий болгож байгаа тухайгаа хуваалцсан юм.

Тэдний хөдөлмөр, мэдлэг, туршлага нь зөвхөн гэр бүл төдийгүй орон нутгийн эдийн засаг, нүүдлийн соёлын тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Colmena Fund-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр, туршлагыг олон нийтэд таниулах зорилготой юм.