Малчин эмэгтэйчүүдийн амьдралын түүхүүд асрахуйн бодит ачааллыг харуулж байна

Малчин эмэгтэйчүүдийн амьдралын түүхүүд асрахуйн бодит ачааллыг харуулж байна

Алс хээр талд, мал сүргээ маллан амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал олон нийтэд төдийлөн харагддаггүй ч тэдний туулж буй туршлага, даван туулж буй бэрхшээлүүд нь нийгмийн үйлчилгээний хүртээмж, асрахуйн ачааллын бодит дүр төрхийг харуулдаг.

Бидний амьдрал олон үйл явдал, түүх, туршлагын хэлхээс байдаг. Тэр бүх түүх заавал томоохон амжилт, өөрчлөлтийн тухай байх албагүй. Заримдаа өдөр тутмын амьдралдаа тулгарсан асуудлыг даван туулсан энгийн мэт санагдах туршлагууд ч тухайн хүний амьдралын бодит нөхцөл байдлыг ойлгоход чухал ач холбогдолтой байдаг.

Малчин эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалт, зөвлөлдөх арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцсан нь алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдийн өмнө тулгардаг сорилтуудыг тод томруун харууллаа.

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хол байдгаас шалтгаалан зарим эмэгтэйчүүд шаардлагатай үед өөрсдөө тариа хийж, дусал залгаж сурсан тухайгаа ярьсан юм. Тэд зөвхөн өөрийн гэр бүлдээ төдийгүй ойр орчмын айл өрхүүдэд ч тусалж, эрүүл мэндийн анхан шатны дэмжлэг үзүүлэх болсон байна.

Мөн нэгэн малчин эмэгтэй бэр нь төрөх дөхсөн үед түргэн тусламж өөр дуудлагад явсан тул аргагүй нөхцөлд өөрөө эх барьж авсан тухайгаа хуваалцсан нь оролцогчдын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.

Эдгээр нь зөвхөн хувь хүмүүсийн түүх биш. Харин алслагдсан орон нутагт амьдарч буй эмэгтэйчүүд ямар нөхцөлд амьдарч, гэр бүл, хамт олон, нийгмийн өмнө ямар их хариуцлага үүрч явдгийн бодит илэрхийлэл юм.

Малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлага, хэрэгцээ шаардлагыг сонсож, бодлого, үйлчилгээний төлөвлөлтөд тусгах нь тэдний амьдралын чанарыг сайжруулах төдийгүй хөдөө орон нутгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Colmena Fund-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг хамтдаа тодорхойлох зорилготой ажлуудын нэг хэсэг билээ.