“Нүүдэлчин Ээжүүд” I, II хөтөлбөрийн оролцогчид туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

“Нүүдэлчин Ээжүүд” I, II хөтөлбөрийн оролцогчид туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ гишүүн байгууллагуудын хамтаар хэрэгжүүлж буй “Нүүдэлчин Ээжүүд” хөтөлбөрийн I болон II үе шатны оролцогчид харилцан туршлага солилцох уулзалтад оролцлоо.

“Нүүдэлчин Ээжүүд I” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг олон хүүхэдтэй өрх толгойлсон 15 ээжийг хамруулан дэмжих бүлгийн үйл ажиллагаа, чадавхжуулах сургалтуудыг хэрэгжүүлсэн юм.

Харин “Нүүдэлчин Ээжүүд II” хөтөлбөр нь малчин эмэгтэйчүүдэд хүрч ажиллах зорилготой бөгөөд Төв аймгийн Борнуур суманд хэрэгжиж байна. Хөтөлбөрт 30 гаруй малчин эмэгтэй хамрагдаж, тэдний оролцоотойгоор “Нуурын нүүдэлчид” дэмжих бүлэг байгуулагдан тогтмол уулзалт, сургалт, хамтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь хоёр хөтөлбөрийн оролцогчдыг холбож, харилцан суралцах, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв. Оролцогчид өөрсдийн туулсан замнал, хөтөлбөрт хамрагдсанаар гарсан өөрчлөлт, сурсан мэдсэн зүйлсээ хуваалцаж, бие биеэсээ урам зориг авлаа.

Мөн уулзалтын үеэр уламжлалт цагаан идээг ашиглан моцарелла бяслаг, шар сүүний чихэр, цэлцэгнүүр зэрэг бүтээгдэхүүн хийх практик сургалт зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид хамтдаа шинэ ур чадвар эзэмшиж, бүтээгдэхүүн боловсруулах арга технологитой танилцав.

Сургалтыг чиглүүлэн ажилласан “Нүүдэлчин Ээжүүд I” хөтөлбөрийн оролцогч Н.Одончимэгт талархал илэрхийлье. Өөрийн сурсан мэдсэн туршлагаа бусад эмэгтэйчүүдтэй хуваалцан, харилцан суралцах орчныг бүрдүүлсэн нь хөтөлбөрийн үр дүн, тогтвортой байдлын нэгэн тод жишээ болж байна.

“Нүүдэлчин Ээжүүд” хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн харилцан дэмжлэг, хамтын манлайлал, мэдлэг туршлага солилцоог дэмжих замаар тэдний нийгмийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд оролцогчдын хоорондын холбоо, хамтын ажиллагаа улам бүр бэхжсээр байна.