Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн дэмжих бүлгийн уулзалтаар хамтдаа бүтээлч, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн бялуу урлах сургалтыг Гүнж төвийн дэмжих бүлгийн хүрээнд зохион байгууллаа.
Тус сургалтыг misheelsbakery хамт олон дэмжин ажиллаж, оролцогч ээжүүдэд бялуу урлах анхан шатны арга техник, чимэглэл хийх ур чадвараас хуваалцсан юм.
“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн харилцан дэмжлэг, сэтгэлзүйн аюулгүй орчныг бүрдүүлэх, хамтдаа суралцах, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байна. Энэ удаагийн уулзалт нь оролцогч ээжүүдэд шинэ зүйл суралцахын зэрэгцээ хамтдаа цагийг өнгөрүүлж, туршлага, мэдрэмжээ хуваалцах үнэ цэнтэй орон зай болж өнгөрлөө.
Тус хөтөлбөрийг Thousand Currents байгууллагын дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн Зүрх, Хязгааргүй Алхам ТББ нар хамтран хэрэгжүүлж байна.