МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь The Asian-Pacific Resource & Research Centre for Women (ARROW) байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Нотолгооноос үйл ажиллагаанд” төслийн хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭЭМ)-тэй холбоотой хууль, бодлогын дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, холбогдох талуудын санал, зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Монгол Улсын ББНҮЭЭМ-ийн хууль, бодлогын орчин, хэрэгжилт, санхүүжилтийн нөхцөл байдлыг судалж, тулгамдаж буй асуудал болон бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлсон нөлөөллийн баримт бичиг боловсруулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр төслийн зөвлөх Б.Шинэтөгс дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулж, оролцогчид тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар бүлгээр ажиллан санал солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчид ББНҮЭЭМ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, санхүүжилтийг сайжруулахад дараах асуудлуудад анхаарах шаардлагатайг онцоллоо. Үүнд:
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл, салбарын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Оролцогчид хууль, бодлогын хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, үйлчилгээний хүртээмжийн ялгаа, санхүүжилтийн асуудлыг өөрсдийн ажлын туршлага, салбарын нөхцөл байдалтай холбон хэлэлцэж, боломжит шийдлүүдийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг “Нотолгооноос үйл ажиллагаанд” төслийн хүрээнд боловсруулж буй нөлөөллийн баримт бичгийн эцсийн хувилбарт тусгана.
Энэхүү баримт бичгийг цаашид ББНҮЭЭМ-ийн хууль, бодлогын хэрэгжилт, тусламж үйлчилгээний хүртээмж, тогтвортой санхүүжилтийг сайжруулахад чиглэсэн бодлогын нөлөөллийн ажилд ашиглахаар төлөвлөж байна.