“Хуулийг феминист өнцгөөс” хөтөлбөрийн анхны оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа

“Хуулийг феминист өнцгөөс” хөтөлбөрийн анхны оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс зохион байгуулсан “Хуулийг феминист өнцгөөс” гурван өдрийн сургалт амжилттай өндөрлөж, хөтөлбөрийн анхны оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн харилцан суралцах үйл явцын хүрээнд оролцогчид феминист эрх зүйн онол, практикийн үндсэн ойлголтуудтай танилцаж, хууль, эрх зүйн тогтолцоог хүний бодит амьдрал, туршлагатай холбон шинжлэн авч үзэв.

Хуулийг феминист өнцгөөс харах нь яагаад чухал вэ?

Хууль хүн бүрд ижил үйлчилдэг мэт боловч бодит амьдралд үзүүлэх нөлөө нь хүн бүрд адил байдаггүй. Хүний хүйс, нийгмийн байр суурь, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрийн баримжаа илэрхийлэл болон бусад нөхцөлөөс шалтгаалан ижил хууль, журамд хүрэх боломж, түүний үр нөлөө ялгаатай байж болно.

Феминист эрх зүйн хандлага нь хуулийг зөвхөн бичигдсэн заалт, зохицуулалтаар нь бус, “Энэ хууль бодит амьдралд хэнд боломж олгож, хэнд саад болж байна вэ?” гэсэн асуултаар шинжлэх боломж олгодог.

Сургалтын хүрээнд оролцогчид эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК+ хүмүүс болон бусад ялгаатай бүлгийн амьдралд хууль хэрхэн өөр өөрөөр нөлөөлж болохыг авч үзлээ. Мөн хууль, журмын хэрэгжилтийн явцад нуугдмал ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал хэрхэн бий болдог, шийдвэр гаргах үйл явцад хэний туршлага, дуу хоолой орхигдож болох талаар хэлэлцэв.

Ингэснээр бодит тэгш эрх гэдэг нь хүн бүрт яг ижил нөхцөл бүрдүүлэхээс гадна хүмүүсийн ялгаатай нөхцөл, хэрэгцээ, тулгарч буй саадыг ойлгож, тэдгээрийг харгалзсан шийдэл бий болгох тухай болохыг оролцогчид хамтдаа эргэцүүллээ.

Хуулийг амьдралын бодит туршлагатай холбон шинжиллээ

Хөтөлбөрийн гурван өдрийн турш оролцогчид жендэрийн хүлээлт, нийгмийн тогтсон ойлголт, патриархат ба эрх мэдлийн тогтолцоо, ялгаварлан гадуурхалт, бодит тэгш эрх зэрэг асуудлыг феминист эрх зүйн өнцгөөс авч үзэв.

Онолын ойлголтуудыг бодит тохиолдол, хууль, шүүхийн практик болон оролцогчдын өөрсдийн амьдрал, ажлын туршлагатай холбон хэлэлцсэн нь хуулийн үр нөлөөг зөвхөн баримт бичгээс бус, хүмүүсийн өдөр тутмын амьдралаас харах боломжийг бүрдүүлсэн юм.

Сургалт нь зөвхөн шинэ мэдлэгтэй танилцахаар хязгаарлагдсангүй. Оролцогчид харилцан туршлагаа хуваалцаж, өөрсдийн ойлголтоо эргэн харах, шинэ асуулт тавих, илүү хүртээмжтэй, шударга, хүний эрхэд суурилсан эрх зүйн тогтолцоо ямар байх талаар хамтдаа эргэцүүлэх орон зай болсон юм.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид гэрчилгээгээ гардан авч, гурван өдрийн хамтын суралцах үйл явцаа өндөрлүүллээ.

“Хуульд юу гэж бичсэн бэ?” гэдгээс гадна “Энэ хууль хэнд, хэрхэн нөлөөлж байна вэ?” гэж асуух нь феминист эрх зүйн шинжилгээний чухал эхлэл юм.

Хөтөлбөрт оролцсон нийт оролцогчид, чиглүүлэгчид, илтгэгчдэд талархал илэрхийлье.

“Хуулийг феминист өнцгөөс” сургалтыг Asia Pacific Forum on Women, Law and Development (APWLD)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.