“SASA! Хамтдаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын манлайлал, хамтын ажиллагаа, хүний эрхэд суурилсан нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх нь” дөрвөн өдрийн оролцоонд суурилсан сургалтын хоёр болон гурав дахь өдрүүд эрх мэдэл, активизм, нөлөөллийн ажил болон хамтын өөрчлөлтийн талаар үргэлжиллээ.
Тус сургалтыг “Тэгш Тусгал” ТББ-ын захиалгаар МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ хамтран зохион байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцож байна.
Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид эрх мэдлийн талаарх ойлголтоо өөрсдийн амьдрал, туршлагатай холбон авч үзэв.
“Эрх мэдэл бидний амьдралд”, “Эрх мэдэл ба бидний туршлага”, “Эрх мэдэл бүхий сонголтууд”, “Эрх мэдлийн алхалт” зэрэг оролцоонд суурилсан дасгалаар дамжуулан хүмүүсийн нөөц боломж, сонголт хийх эрх, шийдвэр гаргалтад оролцох боломж яагаад харилцан адилгүй байдгийг хамтдаа эргэцүүллээ.
Эдгээр хэлэлцүүлгээр эрх мэдэл нь зөвхөн албан тушаал, эрх мэдэл бүхий байгууллагатай холбоотой ойлголт биш, харин өдөр тутмын харилцаа, сонголт хийх боломж, өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх болон бусдад нөлөөлөх боломжтой холбоотой болохыг авч үзсэн юм.
Мөн иргэний хөдөлгөөн, активизм болон нийгмийн өөрчлөлтийн хоорондын уялдаа холбоог хэлэлцэж, хувь хүн болон байгууллагууд өөрсдийн хүрээнд өөрчлөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар туршлага, санаагаа хуваалцав.
Гурав дахь өдөр активизм болон нөлөөллийн ажлыг хэрхэн илүү зорилготой, үр дүнд чиглүүлэн төлөвлөх талаар гүнзгийрүүлэн ажиллалаа.
Оролцогчид нөлөөллийн ажлыг тодорхой зорилго, үе шаттайгаар зохион байгуулах арга барилтай танилцаж, SASA! Хамтдаа стратегийн дагуу өөрчлөлтөд нөлөөлж болох манлайлагчид, хамтрагч байгууллагууд болон бусад оролцогч талуудыг тодорхойлох дадлага хийв.
Сургалтын төгсгөлд оролцогчид активизмыг зөвхөн уулзалт, хэлэлцүүлгээр хязгаарлахгүйгээр бүтээлч байдлаар хэрхэн өрнүүлж болох талаар багаараа ажиллаж, тэмцлийн дуу, түргэн хэллэг зэрэг санаачилгыг боловсрууллаа.
Энэ үеэр оролцогчдын нэг баг тэмцлийн дуугаа дохионы хэлээр илэрхийлсэн нь сургалтын онцлох мөчүүдийн нэг байв. Сургагч багш нарын онцолсноор SASA! Хамтдаа аргачлалын хүрээнд дохионы хэлээр тэмцлийн дуу бүтээсэн анхны туршлага болсон юм.
Ийнхүү сургалтын хоёр, гурав дахь өдрүүдээр оролцогчид эрх мэдлийг танин мэдэхээс эхлээд өөрийн болон бусдын нөлөөллийн хүрээг ойлгох, улмаар хамтын үйлдлийг бодит өөрчлөлтөд чиглүүлэх талаар хамтдаа суралцлаа.
Нийгмийн өөрчлөлт нь эрх мэдлээ ухамсарлаж, дуу хоолойгоо нэгтгэн, хамтын үйлдэл хийхээс эхэлдэг.