Өөрчлөлтийг ойлгохоос эхэлье: “SASA! Хамтдаа” сургалт эхэллээ

Өөрчлөлтийг ойлгохоос эхэлье: “SASA! Хамтдаа” сургалт эхэллээ

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний төв номын санд “SASA! Хамтдаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын манлайлал, хамтын ажиллагаа, хүний эрхэд суурилсан нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх нь” дөрвөн өдрийн оролцоонд суурилсан сургалт эхэллээ.

Тус сургалтыг “Тэгш Тусгал” ТББ-ын захиалгаар МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ хамтран зохион байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Сургалтад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтдаа суралцаж байна.

Өөрчлөлт хэрхэн бий болдог вэ?

Сургалтын эхний өдөр оролцогчид SASA! аргачлалын үндсэн ойлголт, хандлагатай танилцаж, хувь хүн болон нийгмийн өөрчлөлт хэрхэн бий болдог талаар ярилцлаа.

Хүмүүсийн мэдлэг, хандлага, итгэл үнэмшил, зан үйл нэг дор өөрчлөгддөггүй бөгөөд өөрчлөлт нь тодорхой үе шатыг дамждаг. Үүнд тулгуурлан оролцогчид өөрсдийн амьдрал, ажил, нийгэмд ажиглагддаг бодит жишээн дээр ажиллаж, өөрчлөлтөд юу саад болдог, юу өөрчлөгдөхөд түлхэц болдог талаар хамтдаа хэлэлцэв.

Мөн өөрчлөлтийг зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээр бус, гэр бүл, хамт олон, байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид, шийдвэр гаргагчид зэрэг бидний эргэн тойрон дахь хүмүүс, тогтолцооны оролцоотой холбон авч үзлээ. Ингэснээр хүний эрхэд суурилсан өөрчлөлтийг бий болгоход өөрсдийн болон бусдын оролцоо, хамтын ажиллагаа ямар ач холбогдолтойг бодит жишээгээр судалсан юм.

Дараагийн өдрүүдэд оролцогчид нөлөөллийн хүрээ, активизм, өөрчлөлтийг чиглүүлэх, орон нутгийн нөөц боломжийг зураглах, эрх мэдэл болон нөлөөллийн ажил зэрэг сэдвээр үргэлжлүүлэн хамтдаа суралцана.

Өөрчлөлт нэг өдрийн дотор бий болдоггүй. Харин ойлголт, оролцоо, хамтын ажиллагаанаас эхэлдэг.