МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2026 оны 8-р сарын 19-нд COP17-ийн Ногоон бүс, Science and Community асрын 35-р павильонд “Нүүдэлчин эмэгтэйчүүдийн амьдрал: Асрахуйн хөдөлмөр” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд малчин эмэгтэйчүүдийн түүх, амьдралын бодит туршлагыг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ цөлжилт, газрын доройтол, ган гачиг зэрэг байгаль орчны өөрчлөлт нь тэдний өдөр тутмын амьдрал, асрахуйн хөдөлмөрт хэрхэн нөлөөлж байгааг оролцогчидтой хамтдаа хэлэлцэж байна.
Мөн оролцогчид малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын хөдөлмөр, цаг ашиглалт, асрахуйн ачааллыг илүү ойроос ойлгох оролцоот үйл ажиллагаанд нэгдэж, өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцан хамтын шийдлийн талаар ярилцах боломжтой.
Тус арга хэмжээг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Жендэрийн Үндэсний Хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Сүлжээ нь Иргэний нийгмийн форумын гишүүний хувиар оролцож байна. Энэ хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ/IDLO) МОНФЕМНЕТ-ийн оролцоог дэмжин ажиллаж байна.
Арга хэмжээ COP17-ийн Ногоон бүс, Science and Community асрын 35-р павильонд 09:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй бөгөөд мандат шаардахгүй. Иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Ногоон бүс рүү үнэ төлбөргүй golf cart-аар зорчих боломжтой.