Сум, аймаг, хот суурин газарт амьдарч буй иргэдийн хувьд боловсрол, эрүүл мэнд, халамж, хамгааллын үйлчилгээ шаардлагатай үед хандах байгууллага, тогтолцоо харьцангуй ойр байдаг. Хороо, өрхийн эмнэлэг, сургууль зэрэг анхан шатны үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан тодорхой хэмжээнд хэрэгцээгээ хангах боломж бүрдсэн. Мэдээж мэдээлэл дутмаг, хүртээмжийн асуудал байсаар байгаа ч үйлчилгээ авах суурь нөхцөл харьцангуй бий.
Харин дөрвөн улирал нүүдэллэн, өв соёлоо хадгалан амьдарч буй малчдын хувьд эдгээр үйлчилгээ хэр хүртээмжтэй вэ.
Малчид хоногийн 24 цагийн ихэнхийг хөдөлмөртөө зориулдаг. Ялангуяа малчин эмэгтэйчүүд мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ цагаан идээ боловсруулах, гэр бүлийн гишүүдээ асрах, хүүхэд өсгөх, өндөр настан, өрхийн гишүүдийг халамжлах зэрэг олон үүргийг давхар хариуцаж байна.
Ингэснээр асрахуйн ачаалал хэт өндөр болж, тэдний эрүүл мэнд, хөгжил, амралт, нийгмийн оролцоонд зориулж чадах цаг, боломж хязгаарлагдсаар байна.
Иймээс нүүдлийн амьдралын онцлогт нийцсэн, малчин эмэгтэйчүүдийн асрахуйн хангагдаагүй хэрэгцээг цогцоор нь шийдвэрлэх үйлчилгээний шинэ загвар боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.