Хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах нь юунаас эхлэх вэ? Энэхүү асуултад хариулт олохын зорилгоор манай байгууллага гишүүдтэйгээ хамтран “Мэдээллийн аюулгүй байдал ба Хиймэл оюун ухааны хэрэглээ” сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр оролцогчид мэдээллийн аюулгүй байдал нь нэг удаагийн сургалт, түр зуурын оролдлого бус, харин өдөр тутмын ажил, амьдралд дадал болгон хэвшүүлэх шаардлагатай гэдгийг онцлон ойлгож, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, хариуцлагатай байх амлалт өглөө.
Мөн оролцогчид хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглахдаа ёс зүй, нууцлал, дата хамгааллын эрсдэлийг таних, зөв зохистой ашиглах талаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлсэн юм.
Уншигч та дараах энгийн боловч чухал дадлыг өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
Нийгмийн цахим сүлжээ болон цахим хаягуудын нууц үгээ тогтмол солих,
Нууц үгийг ганц үг бус, өгүүлбэр мэт урт, таахад хүндрэлтэй байдлаар үүсгэх,
Цахим хаягуудын нууц үгийг 3 сар тутамд солих,
Нэг цахим хаягаар нэвтэрч олон платформд бүртгүүлэхээс зайлсхийх.
Тус сургалтыг “Өөрчлөлтийн дуу хоолой – Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, DW Akademie Asia, EU Delegation to Mongolia-ны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь иргэний нийгмийн байгууллагуудын дотоод засаглал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх, улмаар дижитал орчин дахь эрсдэлийг бууруулах чухал алхам боллоо.