Жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчдын өдөр тутмын амьдралд тогтмол хүрч ажиллах боломж хязгаарлагдмал байдаг. Харин сум, суурин газрыг түшиглэн улирлын онцлогоор суурьшиж буй малчин эмэгтэйчүүдтэй хамтран ажилласнаар малч өрхүүдэд бодитоор хүрэх боломж бүрдэнэ.
Энэхүү зорилгын хүрээнд “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг Борнуур сум, Төв аймгаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр нь:
Сумын төвд хүүхдээ харж буй малчин ээжүүдийг нэгтгэж, харилцан холбогдох орон зай бүрдүүлэх,
Малчдын дижитал ур чадварыг нэмэгдүүлж, цахим хуваагдлыг бууруулах,
Нүүдлийн амьдралын онцлогт нийцсэн нийгмийн халамж, эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох механизмыг хөгжүүлэх,
24/7 завгүй хөдөлмөр эрхэлдэг малчдын асрахуйн ажлыг хөнгөвчлөх, механикжуулах боломжийг судалж, шийдэл эрэлхийлэхийг зорьж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны боломж, чиглэлийг хэлэлцлээ.
Манай хамтын ажиллагааны саналыг хүлээн авч, дэмжин ажиллахаар болсонд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газар-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ
Хөөрхөн Зүрх ТББ
“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр нь малчин эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, халамж хамгааллыг сайжруулах, цаашлаад орон нутгийн түвшинд тэгш, хүртээмжтэй бодит өөрчлөлт бий болгох зорилготой юм.