Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцууллаа

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг хуулийн шинэчлэлийн зорилго, гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог илүү оновчтой, үр дүнтэй болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хуулийн төслийн агуулгатай холбоотой асуулт асууж, тодруулга авч, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан төдийгүй нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний хүрээнээс орхигдож буй бусад бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, онцлогийг тусгах нь чухал гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж, бичгээр санал өгөхөө илэрхийллээ.

📎 Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг дараах холбоосоор үзнэ үү:
👉 https://mlsp.gov.mn/content/detail/3702