Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төр–иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг хүргүүллээ

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгааг бодит тоон үзүүлэлтүүд харуулж байна. Сүүлийн 7 жил гаруйн хугацаанд 132 хүн, зөвхөн 2025 оны эхний 5 сард 16 хүн гэр бүлийн болон дотны хүмүүсийнхээ гарт амиа алдаад байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан хүний эрхийн төлөө ажилладаг, хүчирхийлэлд өртсөн хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагууд болох Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монфемнет Үндэсний Сүлжээ, Гүнж төв, Хөөрхөн Зүрх, Монголын Залуучуудын Эвсэл, Монголын Эмнести Интернэшнл нэгдэн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, албан шаардлага хүргүүллээ.

Уулзалтын үр дүнд Ерөнхий сайд:

  • Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулах,

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх,

  • Үүнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах

шийдвэрүүдийг гаргасан талаар мэдээллээ.

Иргэний нийгмийн байгууллагууд эдгээр шийдвэрийг бодит хэрэгжилт болгох, хохирогчийг шуурхай, үр дүнтэй хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.