Боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөн үндэсний хэмжээнд тогтвортой хамтран ажиллах иргэний нийгмийн санаачлага 2008 оноос өрнөж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зохицуулах алба үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Энэ санаачлагын хүрээнд олон ажил хийгдсэн бөгөөд энэ санаачлагад үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн ТББ, хүний эрхийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, эцэг эхчүүдийн холбоод, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, хамт олны бүлгүүд, боловсролын асуудлаар ажилладаг ТББ зэрэг олон талын төлөөллийг хангасан иргэний нийгмийн байгууллагууд оролцож боловсролын бодлогод хамтран дүн шинжилгээ хийж, үндэсний хэмжээнд бодлогын ямар асуудал дээр хамтран нөлөөллийн кампанит ажил явуулахаа хэлэлцэж, мөн хамтран ажиллах хүрээ, зарчмуудаа тодорхойлон ажилласан.

Улмаар уг үйл ажиллагааг Иргэний нийгмийн боловсролын сан дэмжиж, “Боловсролыг бүх нийтэд - Бүх нийт боловсролын төлөө!” боловсролын бодлогод нөлөөлөх иргэний нийгмийн үндэсний кампанит ажлыг санаачлан эхлүүлсэн нь "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ болж, 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоо 28 гишүүн байгууллагатай болж, үйл ажиллагаа нь өргөжсөн байна.