"Бидний ирээдүй ямар байх нь бид өнөөдөр хэр идэвхтэй, санаачилгатай, оролцоотой байхаас шууд хамаарна"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" жил тутмын форумыг Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан "бидний ирээдүй ямар байх нь бид өнөөдөр хэр идэвхтэй, санаачилгатай, оролцоотой байхаас шууд хамаарна" гэдэг итгэл үнэмшилтэй МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний залуу ажилчид, Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе! аяны оролцогч залуу эмэгтэйчүүд 2010 онд санаачилж байсан нь жил бүр зохион байгуулагдсаар байна. 

“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форумын үндсэн зорилго:

  • аюулгүй, ээлтэй орчинд чөлөөтэй хөгжих; 
  • өөртөө итгэлтэй, хүчтэй, хариуцлагатай, бүтээлч бие хүн, идэвхтэй иргэн болж төлөвшихөд нийгэм болон соёлын ямар нийтлэг бэрхшээл, тулгамдсан асуудал байгааг хамтдаа хэлэлцэх;
  • өөрийнхөө төдийгүй бусдын зүй ёсны дуу хоолой болох;
  • нөхцөл  байдлыг өөрчлөхөд бидний оролцоо хаанаас эхэлж, хаа хүрч болох сэдлийг олох, нэгдэх, байр сууриа идэвхтэй солилцох юм.

Түүнчлэн форум нь охид, залуу эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлаа илэн далангүй хуваалцаж, эрхийнхээ тухай мэдлэгтэй болж, харилцан суралцаж, хамтдаа хөгжих аюулгүй, ээлтэй, чөлөөт орчин юм. Залуу эмэгтэйчүүд энэ орон зайд жам ёсны эрх, эрх чөлөөгөө эдлэхэд маань саад болж буй нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хүчин зүйлст дүн шинжилгээ хийж, суурь шалтгаан руу хандсан, хүний эрхэд суурилсан бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж, тэгш эрх, тэгш боломж, нэр төртэй амьдралынхаа төлөө зоригтой тэмцэх мэдлэг, хүсэл эрмэлзлэл, чадавх, эв нэгдэлтэй болохыг зорьдог.

Форумыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ болон зорилго нэгт үндэсний болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс зохион явуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы өмнө зохион байгуулж, форумаас гарсан үр дүнг уг чуулганд сонирхолтой, бүтээлч хэлбэрээр танилцуулдаг уламжлалтай.

Өмнөх форумуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" VII форум “Залуу эмэгтэйчүүд: Оролцоо ба Манлайлал”

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" VI форум: "Залуу эмэгтэйчүүд ба Хөгжил"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" V  форум "Миний бие - Миний орон зай - Миний сонголт"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" IV  форум "Тэгш эрх өнөөдөр эндээс, биднээс эхэлнэ"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" III  форум "Ажиглах хангалтгүй-оролцъё, Сэдэх хангалтгүй-хийцгээе!"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" II  форум "Эрхээ мэдье, эрхээ эдэлье"

"Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой" Анхдугаар  форум "Өөрчлөлтийг өөрөөсөө!” “Амьдралынхаа гол дүр нь байцгаая!"