"Маскулинити буюу Эрэгтэйлэг дүр" онолын хэлэлцүүлэг

Эцгийн эрхт ёсонд суурилсан жендэрийн шударга бус тогтолцоог тэтгэн хадгалахад жендэрийн иерархи, хүчирхийлэлд суурилсан эр жендэр, эрэгтэйлэг шинжийн ноёрхсон тодорхойлолт чухал үүрэг гүйцэтгэдгийг харгалзан эцгийн эрхт ёсны үзэл суртал шингэсэн эрэгтэй дүрийн загварыг задалж, илүү нээлттэй, уян хатан бөгөөд тэгш бус байдал, хүчирхийллээс ангид болгох үйл явцад хувь нэмрээ оруулах зорилгоор МОНФЕМНЕТ нь 2008 оноос эхлэн жил бүрийн 3-р сарын 18 өдрийг тохиолдуулан “Маскулинити” цуврал аналитик хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн.

Энэ аналитик хэлэлцүүлгийн гол зорилго нь Эрэгтэйлэг шинж буюу маскулинити гэдэг нэр томьёоны талаарх ойлголтыг түгээх, Эрэгтэйлэг шинжийн судалгааны тухай ерөнхий мэдээллийг түгээх, Монгол дахь эрэгтэй хүний дүр, эрэгтэйлэг шинжийн хэм хэмжээг одоогийн түүх, нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн тогтолцоотой холбон хэлэлцдэг юм.