“Аюулгүй сургууль”

Сургууль нийгмийг өөрчилнө!

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг сургуулийн орчинд бүрдүүлэх аргачлал

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2014 оноос НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөрөөс тавьсан саналын дагуу “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, SASA! активистуудын сүлжээ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран, боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэх “Аюулгүй сургууль” аргачлалыг боловсруулж эхэлсэн.

Аргачлалыг боловсруулахдаа бид байгууллагынхаа болон түншлэгчдийнхээ сургалт, судалгаа, хамт олны хөгжлийн туршлагын зэрэгцээ Уганда улсын “Дуу хоолойгоо өргөх нь” ТББ-ын боловсруулсан эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс тус тус урьдчилан сэргийлэхэд чиглэсэн SASA!, “Сайн сургууль” аргачлал болон Гаити улсын “Хил хязгааргүй” ТББ-ын боловсруулж буй сургуулийн орчинд охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аргачлалд тулгуурласан.

“Аюулгүй сургууль” аргачлалыг боловсруулах үйл явц нь оролцоонд тулгуурласан бөгөөд 2014 оны хичээлийн жилд эхлэн хэрэгжсэн үйл явц юм. Энэ хугацаанд бид аргачлалыг хамтран боловсруулж, хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 4 сургууль дээр эхлүүлж, турших багуудыг бэлтгэх үйл ажиллагаа явуулсан. Багууд нь сургуулийн багш, нийгмийн ажилтан, орон нутгийн төрийн бус байгууллагын ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, орон нутгийн цагдаа, хороо, боловсролын байгууллагын төлөөлөгчид зэрэг оролцогч талуудаас бүрдсэн.

“Шилдэг” гэгдсэн бэлэн аргачлалыг хуулбарлаж, сургуулийн хамт олныг зөвхөн хэрэгжүүлэгчээр оролцуулах бус харин хамтдаа үндэсний болон олон улсын тэргүүн туршлагаас харилцан суралцах зарчмаар монгол ахуй, сэтгэлгээнд нийцсэн үндэсний  аргачлалыг хамтран бүтээлцэх нь энэ үйл явцын гол онцлог юм.

Аргачлалын эрхэм зорилго, алсын хараа:

  1. Ерөнхий боловсролын сургуулиудыг жендэрт суурилсан хүчирхийллээс ангид, хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэдэг, харилцан хүндэтгэлтэй, хүүхэд, хүн бүрт ээлтэй, аюулгүй орчин болгон хөгжүүлэх;
  2. Ерөнхий боловсролын сургуулиудыг, нийгмийг илүү хүмүүнлэг, аюулгүй, аливаа төрлийн, ялангуяа жендэрт суурилсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид, амгалан нийгэм болгон өөрчлөх “хөдөлгөгч хүчин” болгон хөгжүүлэх.

Аргачлалын зорилтууд:

  1. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмын загварыг боловсруулж,сонгогдсон сургууль дээр турших;
  2. Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэх мэдлэг, чадвар бүхий олон талын хамтын ажиллагаа, оролцоонд тулгуурласан багуудыг бэлтгэх;
  3. /хүн бүрт аюулгүй, харилцан хүндэтгэлтэй, нээлттэй, ардчилсан, хүмүүнлэг орчны талаарх сургуулийн хамт олны (хүүхдүүд болон насанд хүрэгчид, эцэг эх, нутгийн оршин суугчид, оролцогч талуудын) мэдлэг, ойлголт, ухамсрыг дээшлүүлэх;
  4. Сургуулийн засаглал, бодлого, журам, дотоод зохион байгуулалт, соёлд хүний/хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг дэмжсэн өөрчлөлтүүд оруулж хэвшүүлэх;
  5. “Аюулгүй сургууль” үндэсний сүлжээ байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудыг хүчирхийллээс ангид, хүүхдийн/хүний эрх, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэдэг болгон хөгжүүлэх үндэсний хөдөлгөөн өрнүүлэх;
  6. Боловсролын орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бодлогод цогцоор тусгаж хэрэгжүүлэхэд нөлөөлөх.

Аргачлалын үе шатууд:

1

Эхлэл ба бэлтгэл

  • “Аюулгүй сургууль” багaа бүрдүүлж чадавхижуулах;
  • Дэмжигч төрийн болон төрийн бус оролцогч талуудтай зөвшилцөх.

 

2

 

Ухамсар ба уур амьсгал

  • Хүүхдийн эсрэг/жендэрт суурилсан хүчирхийллийн сөрөг үр дагаврын тухай сургуулийн хамт олны ойлголт, ухамсрыг нэмэгдүүлэх;
  • Хүнийэрхэм чанар,жендэрийн тэгш эрхийг эрхэмлэхуур амьсгалыг сургуулийн орчинд төлөвшүүлж эхлэх.

3

Чадвар ба дэмжлэг

  • Багш, ажилчдын агуулга, аргазүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;
  • Сурагчдад хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан амьдрах ухаан, чадвар эзэмшүүлэх.

4

Өөрчлөлт ба үйл хэрэг

  • Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлыг үл тэвчих соёлыг төлөвшүүлж бэхжүүлэх;
  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургуулийн бодлого, журам боловсруулж хэрэгжүүлэх.

5

Ирээдүй ба нөлөөлөл

  • Сургууль хооронд туршлага солилцох, аргачлалыг сайжруулах/ахиулах;
  • Бусад сургуулиуд, төрийн бодлого, нийгэмд нөлөөлөх.

Түүнчлэн, аргачлалд дараах үйл ажиллагаа багтах болно:

  • Үе шат болгонд тохирсон мониторинг, үнэлгээ болон багуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтууд хийгдэх болно.
  • “Аюулгүй сургууль” сүлжээ байгуулагдаж, бүх оролцогч талуудыг хооронд нь тогтмол холбож байна.
  • Аргачлалыг хэрэгжүүлэнгээ боловсронгуй болгож, хамтран бүтээж, байнга сайжруулж явах юм.