Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл

Зорилго:

Үндэсний болон орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх, үр дүнтэй үйл явц өрнүүлэх замаар эмэгтэйчүүдийн улс төр болон шийдвэр гаргах түвшний оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэн улмаар жендэрийн тэгш эрх, хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах

Зорилтууд:

  • Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх;

  • Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх;

  • Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульдэмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах;

  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хүний эрх, жендэрийн тэгш эрх, хамтын манлайлал зэрэг сэдвүүдээр нэр дэвшигч эмэгтэйчүүд болон нэр дэвшигчийн менежерээр ажиллах хүмүүст дэмжлэг үзүүлж чадахүйц сургагч-чиглүүлэгчдийн сүлжээ үүсгэх.

Сургалтын явц

  • Оршил бэлтгэлийн хэсэг: Сургалтын ээлтэй, нээлттэй, чөлөөтэй, уур амьсгалыг бүрдүүлэн, сургалтын явцад нэг баг хамт олон болон ажиллаж, бие биенээсээ харилцан суралцах болон туршлагаа хуваалцах чөлөөтэй орчныг бий болгох үүднээс бид оршил хэсгийг агуулгын нэг хэсэгт оруулдаг. Энэ хэсгээр танилцах цаг болон хүлээлт тодруулах сургалтын хүрээнд баримтлах дүрмээ баталдаг бөгөөд үүнийг илүү энгийн хялбар мөн хөгжилтэй байдлаар явуулахыг эрмэлздэг.

  • Үндсэн ойлголтууд өгөх хэсэг: Энэ хэсгийг хүний эрхийн талаарх гүнзгий ойлголт мэдлэгийг олгох тал дээр суурилан ажилласан. Хамгийн чухал нь оролцогчид маань шийдвэр гаргах түвшинд ажиллах, бодлого тодорхойлогчид нь бодлого, шийдвэр гаргахдаа хүний эрхэд суурилсан олон талт төлөөллийн ялгаатай байдлыг олж харж, түүнд таарсан буюу хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох явдал юм. Түүнчлэн улс төр, улс төржих, эрх мэдэл, төр, нийгмийн гэрээ, ардчилал, сонгууль зэрэг сэдвүүдийн хүрээнд харилцан суралцах зарчимд тулгуурлан оролцогчдын өөрсдийн мэдлэг туршлагад үндэслэн асуудалд шүүмжлэлтэйгээр хандан, эргэцүүлэн бодож, дээрх асуудлын талаар ойлголт мэдлэгийг хамтдаа бүтээсэн.  Мөн яагаад улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл байх шаардлагатайг болон  яагаад өдийг хүртэл эмэгтэйчүүд сонгогдохгүй байгаа талаар эцгийн эрхт ёс болон жендэрт суурилсан ялгаварлан гадуухалт, эрх мэдлийн хүрээнд оролцогчдод мэдээлэл хүргэдэг.

  • Үйл явц, арга замыг тодорхойлох хэсэг: Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх үр дүнтэй оролцоо,  төлөөллийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах, юун дээр анхаарах, яаж нэгдэх зэрэг асуудлыг энэхүү хүрээнд хэлэлцэн тодорхойлсон.

  • Сонгуулийг угтсан кампанит ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх хэсэг: Эмэгтэй нэр дэвшигчид болон менежерүүд сонгуулийн төлөвлөгөөгөө хэрхэн үр нөлөөтэй гаргаж, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ур чадварыг олгосон. Ингэхдээ оролцогчид өөрсдийн орон нутгийн онцлог болон өмнөх туршлагаа харилцан солилцох боломжийг олгодог.

  • Дүгнэлт, үнэлгээ хийх хэсэг: Сургалтын агуулга зохион байгуулалтын талаар оролцогчид санал сэтгэгдлээ хуваалцаж, цаашдын сургалтад юуг анхаарах ёстойг болон агуулгаа хэрхэн гүнзгийрүүлэх, ямар сэдэв агуулга нэмэх, хасах зэрэг дээр харилцан ярилцаж, сургалтаа дүгнэж үнэлдэг. 

Сургалтын онцлог

  • Оролцоонд тулгуурласан: Хүн бүрийн идэвхтэй, тэгш оролцоо, хамтдаа хөгжих, харилцан суралцах, мөн хийнгээ суралцах зарчимд суурилсан;

  • Хамтын мэдлэг бүтээсэн: Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээнд суурилж, тэдний туршлагаар баяжигдсан. Оролцогч бүр ажил, амьдралдаа тохиолдсон жишээ, мэдээлэл, арга барилаас хуваалцаж, харилцан суралцсан;

  • Орон нутгийн онцлогт тулгуурласан:  Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээ,  амьдралын туршлага, орон нутгийн хөгжлийн онцлогийн талаарх мэдлэгт түшиглэсэн. Сонгуулийн кампанит төлөвлөгөө гаргах хэрэгжүүлэх туршлага, мэдлэгээ хуваалцсан;

  • Онол, практик хосолсон: Багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, хэлэлцэж шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зэрэг ур чадварыг хөгжүүлсэн;

Монгол Улсын Засгийн газар нь эдийн засгийн хямрал, түүнээс хэрхэн гарах талаархи асуудалд анхаарал хандуулахдаа хүний эрхэд суурилсан бодлогыг илтэд орхигдуулж байна. Энэ нөхцөлд эмэгтэйчүүд улс төр, шийдвэр шийдвэр гаргах түвшинд ажиллаж, нийгмийн бодлогод бодитоор оролцох нь чухал юм.