"Эрхэд суурилсан бэлгийн цогц боловсрол" ойлголт нэгтгэх сургалт боллоо

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь нас, жендэр, бэлгийн чиг баримжаа, гарал үүсэл болон бусад байдлаас үл хамааран эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүд бүр өөрсдийн үнэ цэнэ, эрхэм чанараа мэдрэн, хүний ёсоор амьдрах боломж бүрдсэн элгэмсэг нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог билээ.

Бидний хувьд эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, агуулгад бэлгийн цогц боловсролын (БЦБ) агуулга тусгагдах нь дээрх зорилгодоо хүрэх нэг алхам, боломж бөгөөд өсвөр үе, залууст бэлгийн цогц боловсрол олгохыг нийгмийн тодорхой бүлгүүдийн бодит байдал, хэрэгцээтэй уялдсан, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан стратеги гэж хардаг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл олж авч, шүүмжлэлтэй сэтгэх, шийдвэр гаргах, бусдыг ойлгож мэдрэх зэрэг ур чадвар эзэмших, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зэрэг хандлага, үнэт зүйлийг өөртөө төлөвшүүлэх боломж бөгөөд БЦБ-ын үндсэн зорилго бол залуусыг бие махбод, нийгмийн оролцоо, сэтгэцийн хувьд илүү сайн сайхан байдалд хүрэх чадамж, эрх мэдэлтэй болгох явдал юм. Тийм ч учраас БЦБ нь айдаст суурилсан загварт баригдаж болохгүй. Харин ч практик чанартай, залуу хүмүүсийн амьдралын бодит нөхцөл байдалд суурилсан байх шаардлагатай юм.


Ийм ч учраас бид Эрүүл мэндийн яамны Сайдын тушаалаар Эрүүл мэндийн хичээлийн агуулга, хөтөлбөр, гарын авлагыг боловсруулахаар байгуулагдсан ажлын хэсгийн мэргэжилтнүүдийг хамруулан Бэлгийн цогц боловсролын хөтөлбөр, агуулгыг хүний эрхэд суурилан, жендэрийн мэдрэмжтэй боловсруулах аргазүйг танилцуулах, ойлголтоо нэгтгэх зорилготой "Хүний эрхэд суурилсан Бэлгийн цогц боловсрол" семинарыг 2017 оны 11 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь энэ семинарт оролцсоноор хүний эрхэд суурилсан хандлага, БЦБ-ын хөтөлбөрт зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж буй долоон бүрэлдэхүүн хэсэгтэй танилцаж, ойлголтуудаа нэгтгэн, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

Энэ санаачилгаа бид Ази-Номхон далайн эмэгтэйчүүдийн мэдлэг сургалтын төв (АРРОУ) болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

2017.11.19