Ардчилалд ухаантай хайртай залуусын сургалт

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлаар олон залуус шүүх, цагдаа, төрийн хэрцгийлэлд өртөн, улс төрийн намуудын болон Монголын хагас боловсруулсан ардчиллын золиос болохыг сэтгэл эмзэглэн ажигласан бид хүний эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө залуусын активизмыг өрнүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийдэж, "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныг дэмжин эхлүүлж байсан юм.

Энэ аяны хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь 2008 оны 9-р сард 60-аад залуусыг хамруулан зохион байгуулсан "Эрхийнхээ төлөө!" сургалт байсан бөгөөд тун удалгүй "Эрхийнхээ төлөө!" сургалт нь залуусын хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчилал, иргэний нийгмийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, бие даан, ул суурьтай сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх, ардчилсан замаар нийгмээ өөрчлөхөд оролцох чадавхыг нь дээшлүүлэх гол механизм болсон.

Тэр үеэс хойш хөгжсөөр ирсэн энэ сургалтын агуулга, аргачиллаар дамжуулан монголын залуусыг улс төрийн ямар нэгэн хүчин, төрийн ямар нэгэн өндөр албан тушаалтан, эдийн засгийн явцуу сонирхол эсвэл тархийг боолчлогч ямар нэгэн үзэл суртлын утсан хүүхэлдэй, даган баясагч, улайрсан цэрэг бус, харин саруул ухаантай, өөртөө итгэлтэй, зоригтой иргэн, ёс зүйтэй, уужуу, энэрэнгүй сэтгэлтэй хүмүүн болж төлөвшихөд нь тус болоход чиглэгдсэн.

“Эрхийнхээ төлөө” сургалтын амин сүнс

Бидний сургалт бусад сургалтаас онцгооой, онцгооой, тийм биз дээ? Манай сургалтууд хөгжилтэй, хөдөлгөөнтэй бас сонирхолтой байдаг. Сургалтанд ирсэн залуус инээлдэнэ, мэтгэлцэнэ, жүжиглэнэ, тоглоно, эргэцүүлэн бодно, үзэл бодлоо бусадтайгаа хуваалцаж, харилцан мэдээлэл солилцоно… Товчхондоо гэвэл тэд цагийг тааламжтай өнгөрүүлэхийн зэрэгцээ өөрийгөө болон бусдыг хөгжүүлнэ.

Манай сургалтын нууц бидний зорилго, агуулга, арга барил болон зарчмуудтай холбоотой.

Сургалтын зорилго:

Бидний сургалтын зорилго бол маш энгийн: залуусыг өөртөө итгэлтэй, бусдад ээлтэй, өөрийгөө ч, бусдыг хайрлан хүндэтгэх чадвартай, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, бие даасан, эрх чөлөөтэй, бүтээлч бөгөөд зоригтой хүн бөгөөд идэвхтэй, үр дүнтэй, шударга иргэн болон хөгжихөд нь туслах. Залуус маань ийнхүү хөгжиж чадваас нийгэм маань ардчилсан, хүмүүнлэг болж хөгжинө. Харин залуусын хувийн хөгжил саатваас нийгмийн хөгжил ч доройтно.

Тиймээс бид үе тэнгийнхэнтэйгээ хамтран чөлөөт сэтгэлгээгээ хөгжүүлж, өөрөө өөрсдийгөө хувьсган өөрчилж, өөрийнхөө болон нийгмийнхээ амьдралыг ямагт сайжруулан авч явахад зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж, иргэний оролцоогоо дээшлүүлэх жендэрийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулахыг зорьдог.

Сургалтын агуулга:

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд бид “Эрхийнхээ төлөө” үе тэнгийнхний нэг өдрийн сургалтаараа үндсэн 3 сэдвийг залууст хүргэхийг зорьдог: иргэний оролцоо, жендэрийн тэгш эрх ба кампанит ажил. Энэ 3 сэдэв нь хоорондоо нягт холбоотой.

“Иргэний оролцоо” сэдвийн хүрээнд бид хүний жам ёсны эрх, ардчилал, иргэний нийгмийн тухай танилцуулдаг ба жам ёсны эрх, эрх чөлөө эдэлж, өөрийн амьдралдаа эзэн, нийгмийнхээ амьдралд бүтээлч оролцогч байхын тулд ардчилсан тогтолцоо, иргэний нийгмийн үр дүнтэй үйл ажиллагаа, тэр дундаа хүн бүрийн, чиний ч, миний ч, бусад бүх залуус, нийт иргэдийн идэвхтэй, хариуцлагатай, бүтээлч оролцоо ямар чухал болох талаар ярилцдаг.

“Жендэрийн тэгш эрх” сэдвийн хүрээнд бид эцгийн эрх ёсонд суурилсан жендэрийн шударга бус, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхал шингэсэн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж, энэ тогтолцоо нь бидний жам ёсны эрх, эрх чөлөөгөө эдэлж, ардчилсан, хүмүүнлэг нийгэм бүтээхэд хэрхэн саад болдгийг ойлгуулахыг хичээн хүйс, жендэр 2-ын ялгааны тухай болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай нийгмийн хэвшмэл ойлголт, жендэрийн явцуу дүр, нийгмийн хэм хэмжээний тухай харилцан ярилцдаг.

Харин ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн талаар ойлголтоо дээшлүүлээд, нийгмийг өөрчлөхөд хүн бүр, бид бүгд өнөөдөрөөс эхлээд оролцох хэрэгтэй гэдгийг ойлгосны дараагаар “кампанит ажил” сэдвийн хүрээнд олон хүний үзэл бодол, итгэл үнэмшил, хандлага, зан үйлд үр дүнтэйгээр нөлөөлж, нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулах ямар арга, боломжууд бидэнд байгаа тухай ярилцдаг.

Сургалтын аргачлал:

Бид залуусыг илүү ардчилсан сэтгэлгээтэй, жендэрийн болон хүний эрх, тэгш эрхийн гүнзгий мэдрэмжтэй болоход нь, мөн олныг хамарсан үйл явцад өөртөө итгэлтэйгээр, бүтээлчээр оролцож чаддаг болоход нь хамгийн дөт, үр дүнтэй аргаар туслахын тулд оролцоо, багийн ажил, хийнгээ суралцах аргачлал болон орчин үеийн технологийн ололтыг ашигладаг. Түүнчлэн, хүн бүрт ээлтэй, аюулгүй, хөгжилтэй, тааламжтай орчин, уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээдэг.

Оролцооны аргаар явуулдаг тул нэг сургалтанд 20-25 залуусыг л оролцуулдаг бөгөөд сургалтыг 6-7 залуусаас бүрдсэн баг зохион байгуулж явуулдаг.

Тодруулбал, бидний сургалт дараах онцлогтой: