Залуу эмэгтэйчүүд 8 дахь жилдээ чууллаа

Залуу эмэгтэйчүүд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвээр чууллаа

“Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ буюу 4 сарын 8-нд “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна” уриатайгаар Блью Скай зочид буудлын Диамонд танхимд зохион байгуулагдлаа.   

Форумаар залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж ирсэн “хүн амаа өсгөх бодлого” нь залуу эмэгтэйчүүд төдийгүй залуу гэр бүл, цаашилбал Монгол Улсын нийт хүн амын амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хүний эрх, жендэрийн тэгш эрх, нийгмийн шударга ёс, ардчиллын зарчимд суурилан задлан шинжлэх ба тодорхой тохиолдол, бодлого, хууль тогтоомжийг хэлэлцэн, дүн шинжилгээ хийж, бодлого гаргагчдад санал, зөвлөмж бүхий БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ хүргүүлэхийг зорьсон юм.

Чуулганы онцлог:

"Бодит байдалд суурилан шийдлийг уриалсан мессэжүүд" - Дүн шинжилгээ, хэвлэл мэдээллийн багийн хамтын ажиллагааны үр дүнд форумын хэлэлцэх асуудлууд нь бидний амьдралд хэр хамаатай, хэр чухал, хэр өргөн хүрээний асуудлууд вэ гэдгийг олж харахад  сэдэлжүүлсэн "Мессеж" бүхий зурагт хуудсуудыг гаргасан нь шинэлэг бөгөөд үр нөлөө ихтэй байсан юм.

"Орон нутаг дахь урьдчилсан хэлэлцүүлэг" - Энэ удаагийн форумаар 11 аймаг, гурван дүүргийн Залуучууд хөгжлийн төвүүдэд  урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого гаргагчдад уламжлах байр суурийн баримт бичигт саналыг нь тусгасан явдал байлаа.