"Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо" XII чуулган боллоо

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы 12 дугаарх нь энэ жил "Иргэний бодит оролцоо" сэдвээр 3 сарын 24, 25-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэ чуулганаар Монгол Улсад сүүлийн жилүүдэд иргэдийн оролцоог бүх түвшинд хангахад чиглэсэн бодлого, хуульзүйн зохицуулалтын орчинд гарсан ахицууд нь бодит амьдрал дээр иргэдийн утга учир, үр нөлөө бүхий оролцоог өрнүүлэхэд хангалттай байгаа эсэхийг шинжлэн дүгнэж, ардчилсан хүмүүнлэг нийгмийн амин сүнс, хөгжлийн түлхүүр болох иргэний бодит оролцоог хангахад цаашид авах шаардлагатай алхмуудын тухай зөвлөлдлөө.

Иргэний оролцоо нь  ардчилсан нийгмийн мөн чанар, үнэт зүйл; хууль зүйн утгаараа хүний эрх; мөн хөгжлийг хүн бүрийн амьдралд бодитой авчрах, иргэдийг хүчирхэгжүүлэх гол хөдөлгүүр билээ. Шийдвэр гаргах, хэрэгжилтийг нь хянах үйл ажиллагаанд иргэдийг бодитойгоор татан оролцуулах нь төрөөс өөрийн эрх мэдлээ ухамсартайгаар дахин хуваарилж буй явдал мөн тул иргэдийн үр нөлөө, утга учир бүхий оролцоо нь засаглалын ардчилсан чанарыг нотолдог.

Ардчилсан засаглалын институциуд, дэг ёс, механизмуудыг бий болгох нь дангаараа хангалтгүй. Эдгээр институци, процессууд нь иргэдэд аж байдлаа сайжруулах илүү их боломж олгоход үйлчлэх ёстой. Засаг төр нийтийн сайн сайхны төлөө бодитой ажиллахын  баталгаа нь мэдээлэлжсэн, зохион байгуулалттай, идэвхтэй иргэдийн оролцоо юм.

Дэлхийн улс орнуудад иргэдийн оролцоог хөгжлийн үйл явц, шийдвэр гаргах ажиллагаанд чухалчлах, үнэ цэнийг нь ойлгон хүлээн зөвшөөрөх чиглэлд ахиц гарч оролцооны янз бүрийн арга хэрэгсэлийг орон нутаг, салбарын түвшинд хэрэглэх чиг хандлага эрчимжиж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд дэлхий нийтээр тогтож тохирсон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд “Тогтвортой хөгжлийн төлөөх тайван, бүгдийг хамарсан нийгмийг дэмжих, шударга ёсыг бүгдэд хүртээмжтэй болгох, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүгдийг хамарсан тогтолцоог бий болгох”-ыг 16 дахь зорилтоор  дэвшүүлсэн.  Энэ арга стратегийг “Үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институцийг бүх шатанд бий болгох”, “нийгмийн бүх давхаргын төлөөллийн оролцоотой, хариуцлагатай шийдвэр гаргах тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэх” дэд зорилтууд болгон задалж тодруулсан байна.

Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд явуулсан хэлэлцүүлгүүд болон хамтын дүн шинжилгээнээс харахад,“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" зэрэг суурь баримт бичиг болон нилээн хэдэн хууль, тогтоомжид иргэний оролцоо, иргэний нийгэм ба төрийн хамтын ажиллагааны зорилт, заалт туссан хэдий ч эдгээр нь хоорондоо харилцан адилгүй, ихэвчлэн тунхагийн шинжтэй буюу иргэд хэрхэн оролцох талаар нарийвчилсан механизм, шаардагдах хөрөнгө нөөцийг тооцож зохицуулаагүйгээс үр дүнтэй хэрэгжих магадлал багатай байна. Түүнчлэн, иргэний бодит оролцоог хангахын тулд иргэдийг мэдээлэлжүүлэгч, чадавхжуулагч, боловсрол олгогч, судлаач, бодлогын шинжээч, бодлого хянагч, төлөөлөн хамгаалагч, оролцоог хөгжүүлэгч хөдөлгүүр болох иргэний нийгмийн өөрийн хөгжлийг, тэр дундаа иргэний нийгмийн байгууллага, бүтэц, механизмуудын бэхжилтийг дэмжих суурь тогтолцооны асуудлыг ч хамтад нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн юм.

Мөн 12 дугаар чуулганд бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлсэн ба хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй сүүлийн дөрвөн жил тасралтгүй өглөөний цайны уулзалт хийж ирсэн билээ. Энэ нь иргэний нийгмийн байгууллага шийдвэр гаргах түвшинд шууд дуу хоолойгоо хүргэх суваг буюу бодит оролцооны механизмыг бий болгосны нэг илрэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэж найдаж байна.

“Эмэгтэйчүүдийн нүдээр” 12 дугаар чуулганд төв, орон нутгийн ниргэд, иргэний нийгмийн олон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий 320 гаруй хүмүүс оролцож, иргэний бодит оролцооны асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, цаашдын хамтын зорилт, стратеги, бодлогын чиглэлүүдээ тодорхойлсон юм. 

                                             Зургийн тайлбар: Иргэний оролцооны яармагийн үеэр

12-р чуулганы бас нэг онцлог нь

  • Үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн, нэн ялангуяа эрх нь зөрчигдсөн, дуу хоолойгоо гаргаж чадахгүй байгаа бүлгүүдийн бүлгүүдийн шууд төлөөлөл, бодит оролцоог хангахад чиглэсэн иргэний нийгмийн үйл ажиллагааны туршлагаас хуваалцах;
  • Иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, шинэ санаачилга, сайн туршлагыг олон нийтэд таниулах;
  • Оролцогчдод туршлага солилцож, харилцан суралцаж, хамтын ажиллагаа, уялдаа холбоо, түншлэлээ хөгжүүлэх боломж олгох
  • Иргэдийн бодит оролцоог хөгжүүлэхэд нийтлэг тулгарч буй бэрхшээлүүдийн шийдлийг хамтдаа эрэлхийлэх зорилго бүхий "Иргэний оролцооны яармаг"-ийг зохион байгуулж 20 гаруй байгууллагыг оролцуулж, өөрсдийн сайн туршлагаа чуулганы оролцогчид таниулах боломжийг олгосон явдал байсан юм.

"Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо" XII чуулганы байр суурийн бичиг -

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2006 оноос эхлэн жил бүр Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн шударга ёс, хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд саад болж буй бодлого, бүтэц, тогтолцооны тулгамдсан бөгөөд стратегийн ач холбогдолтой асуудлуудад хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийж ирсэн. Чуулганы талаарх ерөнхий мэдээлэл болон өмнөх чуулганы мэдээллүүдийг дараах холбоосоор орж авна уу.