Санаачилга

Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!

“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” аян нь залуусын оролцоонд түшиглэсэн, сонирхолтой, хөгжилтэй, уян хатан арга хэлбэрээр хүний эрх, эрх чөлөө, ардчилал, жендэрийн шударга ёс болон нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, залуусын хувийн хөгжил, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Аяны бүх үйл ажиллагаа залуусыг өөртөө илүү итгэлтэй, хүний эрх, эрх чөлөөний болон жендэрийн өндөр мэдрэмжтэй, иргэний боловсролтой, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, аливаа асуудлыг тайван замаар, бүтээлчээр шийдвэрлэх, мөн өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай болж төлөвшихөд нь туслахад чиглэдэг.

Аяны хүрээнд сургагч нарын болон үе тэнгийнхний жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийн сургалт, эрх чөлөөний парад, хүний эрхийн фестиваль зэрэг олон нийтийг хамруулсан хөгжилтэй арга хэмжээ, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Эрхүүлэйгийн сургалт ба комикс, аянд оролцогч залуусын нөхөрлөл, сүлжээг хөгжүүлэх албан бус уулзалт, үдэшлэг зэргийг зохион байгуулдаг.

Аяны бүх үйл ажиллагаа тэгш эрх, харилцан хүндэтгэл, нээлттэй, хүлээцтэй байдал, хамтын шийдвэр гаргаж, хамтын хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан явагддаг.

Аяны санаачлагч, зохион байгуулагчид нь залуусын “Хөгжицгөөе” клуб, МОНФЕМНЕТ, Монголын Эмнести Интернэшнл

ДЕМОКРЭЙЗИ залуусын төв

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2008 онд хүний эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө залуусын активизмыг өрнүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныг өрнүүлсэн билээ. Энэ аяны суурин дээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний арга зүйн дэмжлэгтэйгээр аяны эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчим, үйл ажиллагааны арга хэлбэрийг өвлөн авсан "ДемоКрэйзи залуусын төв" ТББ 2013 онд байгуулагдсан. Тус төв нь хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, залуусын активизм, хөдөлгөөнийг өрнүүлэн, хувийн хөгжил, иргэний болон ардчиллын боловсрол, бүтээлч оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. www.democrazy.mn

Бүх нийт боловсролын төлөө

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2010 онд хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан, ил тод, ардчилсан, боловсролын бодлогод нөлөөлөх шинэ иргэний нийгмийн эвслийг байгуулахад маш их идэвх санаачлага, хүчин зүтгэл гаргаж, арга зүйн болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. 7 сарын турш нухацтай хэлэлцсэний үр дүнд эрхэм зорилго, зорилт, үнэт зүйл, зарчимуудыг томъёолж, "Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2010 оны 9-р сард байгуулагдсан. Эвсэл нь иргэнийн нийгмийн олон талт төлөөллийг ханган, боловсролын санхүүжилт, чанарт хяналт тавьж, уг салбарын хариуцлагын тогтолцоог иргэдийн оролцоотойгоор сайжруулах чиглэлээр боловсролын бодлогод нөлөөлөх чиглэлээр ажиллаж байна. www.all4education.mn

Монгол